ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Кубын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдааг  эрчимжүүлэх, эскпортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах үйлдвэрүүд байгуулах, мэдлэгт суурилсан шинэ, шилдэг технологи нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор улсынхаа эдийн засагт шинэчлэлийн  томоохон төслүүдийг эхлүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэ түүхэн шилжилтийн үед тус улсад суугаа 18 дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар миний бие томилогдон ирээд байна. Томилолтын хугацаанд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой давхцах болсон нь цаашид, хоёр талын харилцааны түүхийг олон салбарт өргөжүүлэн тэлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах бодит боломж олгоод байна.

БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, БНКУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Р.Льомпард нар 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд албан ёсны харилцаа эхэлсэн түүхтэй. Бүгд Найрамдах Куба Улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд тус тивтэй харилцах цонх болж ирсэн билээ.
XXI зуун гарсаар дэлхийн улс орнууд даяаршиж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болон хөгжиж, манай улсын гадаад харилцаа улам бүр өргөжин тэлж байна.

Кубатай аялал жуулчлал, эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёлын салбарт хамтарч ажиллах илүү их боломж бидэнд бий. Газар зүйн байршлын хувьд алслагдмал байдлаас шалтгаалан иргэд хоорондын солилцоо хязгаарлагдмал байгаа энэ цаг үед бид Куба болон Кубыг тойрсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай мэдээллийн зууны давуу байдлыг ашиглан харилцах нь үр өгөөжтэй, шинэлэг хамтын ажиллагааны хэлбэр болно гэж үзэж байна.

Эдүгээ нэгэн жаран өнгөрч хоёр улсын дипломат харилцаанд арвин баялаг түүх хуримтлагдаж, уншиж судлах ховор архив бүрэлдэн бий болжээ. 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож өнгөрлөө. Түүхт жаран жилийн хугацаанд талууд хоёр талын харилцаа төдийгүй НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ийн бүлэг зэрэг олон талт хамтын ажиллагаанд хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжиж ирлээ.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, спорт болон аялал жуулчлалын салбар түлхүү байр эзэлж байна. 

Монгол, Кубын анд нөхөддөө сайн сайхан, эрүүл энхийг хүсч, хоёр орны харилцаанд шинэ дэвшил, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөхийн ялдамд Элчин сайдын яамны цахим хуудсаар дамжуулж мэдээллийн ил тод байдлыг хангах, харилцан мэдээлэл дамжуулах, үйлчилгээний шуурхай байдлыг хангаж ажиллах болсондоо баяртай байна.

Манай ЭСЯ-ны цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Ш.Батцэцэг