УЛС ТӨРИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙМ

 

Монгол, Куба Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол, Кубын төр, засгийн тэргүүн нарын түүхэн айлчлал, Кубад суралцсан анагаах ухааны салбарын манлайлагч эмч мэргэжилтнүүд, дэлхийн тавцанд хурд хүчээ сорьж явсан хоёр орны боксын тамирчдын алдар гээд хоёр орны харилцааг тодорхойлох олон дурсамжтай үйл явдал түүхийн хуудсыг зузаатгаж байна. Орчин цагийн Монгол, Кубын хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёл, спорт зэрэг олон салбарт бэхжин хөгжиж байна.


ХАРИЛЦААНЫ ТҮҮХЭЭС: Куба бол манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон


Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт 1960 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ГЯЯ-ны сайд П.Шагдарсүрэн, Кубын ГЯЯ-ны орлогч сайд Р.Льомпард нар Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Ийнхүү Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон болсон юм.


Улмаар 1962 онд хоёр тал Улаанбаатар болон Хавана хотуудад Элчин сайдын яамдаа харилцан нээсэн. Монгол Улсаас Кубад суух анхны Элчин сайд Г.Багаа 1963 оны 10 дугаар сард Кубын Ерөнхийлөгч Освальдо Дортикос Торрадод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бол Кубаас манай улсад суух анхны Элчин сайд Густаво Масорра Эрнандес БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууд 1969 оны 11 дүгээр сард ИЖБ-ээ барьжээ. 


Элчин сайд Г.Багаа Кубын Ерөнхийлөгч О.Дортикост ИЖБ-ээ барьж байгаа нь. Хавана хот, 1963.10.24


Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжиж ирсэн нь хоёр талын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой байв. Тухайлбал, Кубын Коммунист намын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Раул Кастро Рус 1970 оны 4 дүгээр сард Монголд айлчилсан. Айлчлалын үеэр МАХН-ын Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Р.Кастрод хандан “Манай хоёр орон алс хол орших боловч зүрх сэтгэлээрээ ойр байдаг, ямар ч үед, сайхан цагт ч, хэцүү бэрх үед ч бид, Монголын ард түмэн Кубын ард түмэнтэй ямагт хамт байна” хэмээн ярьж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. 1967-1969 оны хооронд Улаанбаатар дахь ЭСЯ-ны ажиллагаагаа түр зогсоогоод байсан Кубын төр засгийн шийдвэртэй холбогдуулан Р.Кастро “Кубаас Монголд ажиллах Элчин сайд олдохгүй байгаа бол би ирж энд Элчин сайдаар ажиллая” гэж ярьснаа айлчлалын үеэр дурссан байдаг.


Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Р.Кастро нар албан ёсны хэлэлцээний үеэр, Улаанбаатар хот, 1970.04.26

МАХН-ын Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1972 оны 11 дүгээр сард Кубад албан ёсны айлчлал хийсэн. “Ах дүү Монголын ард түмний төлөөлөгчид тавтай морилно уу” хэмээн монгол, испани хэлээр бичсэн лоозонгуудаар чимэглэсэн Хосе Мартийн нисэх онгоцны буудалд түүнийг Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро тэргүүтэй төлөөлөгчид угтан авч хүндэтгэл илэрхийлжээ. 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон Монгол, Кубын албан ёсны хэлэлцээ 3 цаг үргэлжилсэн байдаг. 


Төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал Кубад айчлав. 1972.11.14


Ф.Кастро өөрөө Газ-69 машинаа жолоодон Ю.Цэдэнбалд шинээр барьж буй Аламар хотоо танилцуулж байгаа нь, 1972 он 


1970-1980-аад онд хоёр орны улс төрийн харилцаа идэвхэжсэнтэй зэрэгцэн худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн салбарт байгуулсан протокол, хэлэлцээрийн үндсэн дээр хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байсан. 1984 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх тэргүүтэй төлөөлөгчдийн Кубад хийсэн айлчлал нь хоёр талын харилцаа бэхжин хөгжиж байсны илрэл бөгөөд энэ айлчлалын үеэр Монгол, Кубын хооронд Найрамдалт хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан. 

 Төр засгийн тэргүүн Ж.Батмөнхийн Кубад хийсэн айлчлал, 1984 он


1990-ээд оны эхээр манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоог сонгосон шилжилтийн үед хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ харьцангуй буурч, зогсонги байдалд орсон хэдий ч талууд харилцан итгэлцэл, нөхөрлөл дээр хөгжиж ирсэн найрсаг харилцаагаа хадгалан үлдэж чадсан юм. 1995 онд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэнгийн Кубад хийсэн айлчлал нь манай улсын зүгээс Кубатай явуулж ирсэн харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэйгээ нотолж, хамтын ажиллагааг сэргээхэд чухал ач холбогдолтой байв. 2000 оноос хойш хоёр талын харилцаа тогтмолжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэв. Тухайлбал, 2000 онд Кубын Төрийн Зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастрогийн бие төлөөлөгч А.Веласко, 2001 онд Кубын Гадаад хэргийн дэд сайд Г.Менчеро нар Монголд, 2006 онд Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон, 2015 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар Кубад тус тус айлчлал хэрэгжүүлэв. 

 

Хоёр талын харилцааны гол механизм болсон Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын комисс 1998 онд байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа Улаанбаатар хотноо хийв. 2001 онд Хавана хотноо болсон Хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаанд Эрүүл мэндийн дэд сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр; Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав.

Хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан 2004 онд Улаанбаатарт болж, Кубын Гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Лоретта Бланко тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцсон бөгөөд хуралдааны протоколд 2004-2007 оны хооронд хөдөө аж ахуй, биотехнологи, эрүүл мэнд, боловсрол, соёл, байгаль орчин, биеийн тамир спортын чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан. 2007 онд Хавана хотноо болсон Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 2010 оноос хоёр талын харилцааны түвшин, зардал, санхүүгийн байдлаас үүдэн Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг Гадаад хэргийн яамд хооронд зохион байгуулахаар шийдвэрлэснээр хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2010, 2014 онд Улаанбаатар хотноо, 2019 онд Хавана хотноо болов. 


2016 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Раул Кастрогийн урилгаар Куба улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн анхны айлчлал байснаараа онцлог төдийгүй манай улс Кубатай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах, цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгийн илэрхийлэл байв. 



Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Кубын удирдагч Раул Кастро нар, Хавана хот, 2016 он


Хоёр талын харилцаанд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Парламентын найрамдлын бүлгүүд аль аль талдаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 2001 онд Монгол Улсын Их Хурлын дарга Б.Энэбиш, 2007 онд УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид БНКУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар Кубад ажлын айлчлал хэрэгжүүлж, мөн үеэр хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулагдсан байдаг. Өнөөгийн байдлаар Монгол, Кубын парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна. 


Монгол, Кубын харилцаанд олон талт хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг бөгөөд НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ийн бүлэг зэрэг олон талт механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжин ажилладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2006 онд Хаванад зохиогдсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний 14 дүгээр бага хуралд оролцсон. 


Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд 1962 онд Монгол, Кубын найрамдлын нийгэмлэг томоохон үүрэг гүйцэтгэдэг. Одоо Нийгэмлэгийн манай талын тэргүүнээр Хамба лам Ч.Дамбажав ажиллаж байна. 1962 онд Монголд зочилсон Хаванагийн их сургуулийн профессор, түүх судлаач Пивидал Падрон Монголын тухай томоохон өгүүлэл бичиж нийтлүүлсэн ба найрамдлын нийгэмлэг байгуулах санаачилгыг анх гаргаж байжээ. Улмаар Куба, Монголын найрамдлын нийгэмлэгийн даргаар Лениний шагналт яруу найрагч, Кубын Зохиолчдын холбооны дарга Николас Гильен сонгогдож, 1969 онд Монголын Зохиолчдын хорооны дарга С.Удвалын урилгаар манай оронд зочилжээ. Хоёр орны найрамдлыг бэлгэдсэн Кубын хувьсгалч Хосе Мартийн нэрэмжит Нийслэлийн 52 дугаар дунд сургууль, Хавана хотноо “Говийн өглөө” хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 онд Улаанбаатар, Хавана хотууд ах дүү хотын харилцаа тогтоосон. 


Хамтын ажиллагааны боломжууд:


Хоёр талын хамтын ажиллагаа талуудын бодит бололцоо боломжид тулгуурлан эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байна. Тэр дундаа эрүүл мэнд, биотехнологийн салбар нь хоёр талын харилцаанд тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин 2000 онд Кубад айлчилж, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан. 


1996 оноос бэлчээрийн хортон, мэрэгч амьтдыг устгах “Биорат” бэлдмэлийг үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр Кубын “Лабиофам” нэгдлийн төлөөлөгчид Монголд ирж, хөдөө орон нутгаар явж хамтарсан туршилт судалгааг хийж байв. Монгол Улсад ашиглагдах биологийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлтэй уг бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэх асуудлаар Кубын “Лабиофам Азиа” компанийн захирал Мадюурус Теллес тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 1 дүгээр сард Монголд ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагатай ажил хэргийн уулзалт хийв. Куба нь манай улсад 2005 онд 300 тун, 2007 онд 5000 тун сүүний үүлдрийн ямааны гүн хөлдөөсөн үрийг хандивлаж, монгол ямаанд туршилт амжилттай хийгдсэнээр өнөөдрийн байдлаар 1000 гаруй сүүний чиглэлийн ямаатай болжээ. 


Кубын анагаах ухаан, биотехнологийн ололт амжилтаас суралцах, мэргэжилтэн бэлтгэх хүрээнд тодорхой ажлууд хийгээд байна. Тухайлбал, Кубын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн Ерөнхий захирал Эүлохио Пиментель тэргүүтэй төлөөлөгчид 2017 онд Монголд ажиллаж, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан бол мөн онд “Эм Импекс Концерн” компани Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвтэй, “Интермед” эмнэлэг Кубын Эмнэлгийн үйлчилгээний төвтэй тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Өнөөгийн байдлаар Кубын 4 эмч Интермед эмнэлэгт гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд манай Эм Импекс Концерн, МонФарм зэрэг эмийн компани чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлний шархлааг эмчлэх Хеберпрот-п, элэгний В, С вирусний эсрэг Интерферон, хорт хавдрын эсрэг Видатокс зэрэг эм бэлдмэлийг албан ёсны эрхтэйгээр худалдаж байна.  


Сүүлийн жилүүдэд Монгол, Кубын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа нэмэгдэх хандлагатай байна. Хавана хотноо жил бүр зохион байгуулдаг Олон улсын худалдааны үзэсгэлэн яармагт Монфрэш, UFC групп, Экстра Энержи групп зэрэг байгууллага оролцов. Газар зүйн хувьд алс оршдог тул манай улс Кубаас эм, эмийн бүтээгдэхүүн, навчин тамхи, ром дарсыг бага хэмжээгээр импортолж байна. 2019 онд Куба нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар хувийн өмчийг хөхиүлэн дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй байх, гадаадын иргэд, хуулийн этгээд чөлөөтэй бизнес эрхлэх боломжийг нээсэн бодлогыг Засгийн газраас баримталж буй тул манай бизнес эрхлэгчдэд холбоо тогтоон хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байгаа юм. 


Хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоо бий. 2001 оноос “Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар манай иргэд Кубад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна. 2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Хавана хотноо болсон Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцов. 2019 онд “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Шинжлэх ухаан, технологи, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан. 


Кубын Засгийн газар манай оюутнуудад 1963 оноос тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд өдгөө 120 гаруй монгол оюутан Кубад суралцаж төгсчээ. Эдгээр оюутны дийлэнх нь анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, салбартаа манлайлагч эмч мэргэжилтнүүд болсон. 2017 онд “Боловсролын баримт бичиг, эрдмийн цол, зэргийн гэрчилгээ, дипломыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар хоёр орны оюутан залуус харилцан суралцах боломж нээгдээд байна. 2016 онд Монгол Улсын Их сургууль, Хаванагийн Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдсан төдийгүй Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун 2018 онд Хаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад “Монголын археологи: одоо ба ирээдүй” сэдэвт лекц уншив. Түүнчлэн Монголын утга зохиолын шилдэг бүтээлүүд испани хэлнээ орчуулагдан хэвлэгдэж, Куба уншигчдын хүртээл болоод байна.                                                                                                                         


“Монголын нууц товчоо” испани хэлнээ дахин хэвлэгдэв, 2020 он Орчуулсан ахмад дипломат Г.Төмөрчулуун,


“Тунгалаг тамир” роман испани хэлнээ орчуулагдав,  2020 он Орчуулсан Энрик Васко, 1981 он 

Монгол, Куба улс дэлхийн бөмбөрцгийн хоёр талд оршдог хэдий ч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулдаг билээ. Кубын балетын урлагийг үндэслэгч, нэрт балетчин Алисиа Алонсо 1965 онд 59 хүний бүрэлдэхүүнтэй Азийн орнуудаар хийсэн аялан тоглолтоо Монголын үзэгчдэд толилуулсан байдаг. Алисиа Алонсогийн нэрэмжит “Хаванагийн олон улсын балетын фестивал”-д МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг 2016 онд, МУГЖ О.Анужингийн хамт 2018 онд тус тус оролцсон. “Монголын балетын хөгжил сан”-гаас 2016 оны 12 дугаар сард Кубын бүжигчин Женет Мончаг Монголд урьж, “Цөмөөхэй балет” урлагийн наадамд оролцуулсан бол 2018 онд удирдаач Б.Лхагвасүрэн Кубын Үндэсний симфони найрал хөгжмийг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиолуудыг Кубын үзэгчдэд толилуулав. 


Кубын нэрт балетчин Алисиа Алонсогийн Монголд хийсэн тоглолтын үеэр, 1965 он


Хоёр улс спортын салбарт хамтын ажиллагааны арвин туршлагатай. Бокс, жүдо зэрэг спортын төрөлд харилцан туршлагаасаа хуваалцаж ирсэн бөгөөд боксын спортоор Монголын тамирчдыг бэлтгэхэд Куба дасгалжуулагчдын оруулсан хувь нэмэр их юм. Манай хоёр орны боксын тамирчид тэртээ 1960-аад оноос өдгөөг хүртэл дэлхийн тайзанд хурд хүч, авъяас чадвараараа эн зэрэгцээ өрсөлдөж байна. Хавана хотноо зохиогддог Кордоба Кардины нэрэмжит олон улсын боксын тэмцээнд Монголын боксчид 1972 онд анх оролцож, 5 медалийг эх орондоо авчирч байжээ. Дэлхийн тайзнаа нэгэн үе өрсөлдөж явсан Сөүлийн Олимпын хүрэл медальт, гавъяат тамирчин Н.Энхбат, Олимп, дэлхийн хошой аварга, Кубын алдарт тамирчин Анхел Эррера нарын 1984 онд Хавана хотноо болсон “Найрамдал” бага олимпын финалын тулааныг Кубын удирдагч Фидель Кастро үзэж сонирхсон түүхтэй. Түүнчлэн 1970-аад оны сүүлээр Улаанбаатарт болсон “Интернационал” тэмцээнд ОУХМ Дүгэрсүрэн болон Кубын тамирчин, дэлхийн аварга Луйс Филиппе Мартинес нарын тулаан, 1980 оны Москвагийн Олимпын үеэр Ази тивийн аварга Г.Батбилэг болон Кубын тамирчин Анхел Эррера нарын тулаан, 1982 онд Мюнхенд болсон Дэлхийн аваргын финалд гавьяат тамирчин Р.Отгонбаяр болон Кубын алдарт боксчин, дэлхийн хошой аварга Адольфо Орта нарын тулаан, 2008 оны Бээжингийн Олимпын аваргын төлөөх гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Кубын алдарт тамирчин Янкел Леон Аларкон нарын тулаан спорт сонирхогчдын сэтгэлд хоногшин үлджээ. Кубын алдарт тамирчин Анхел Эррера 1980 оны Москвагийн Олимпын үеэр Ази тивийн аварга Г.Батбилэгтэй хийсэн тоглолтынхоо талаар дурсахдаа “Би тив дэлхий, Пан-Америкийн аваргын тэмцээн, ер нь хаана ч хүнд цохилтоор унаж байгаагүй. Харин өрсөлдөгчөө хангалттай олон удаа хүнд цохилтоор ялж явлаа. Гэвч өөрөө хүнд цохилтонд орж ойчсон хоёрхон тохиолдлын эхнийх нь Олимпын дэвжээнд намайг унагасан тэр монгол, дараачийнх нь Сантьяго де Куба хотын боксчин Самуэль Берфүд нар... Монголын боксчид үнэхээр хүчтэй” гэж ярьсан байдаг. Тэрээр сонирхогчдын бокст нийтдээ 267 тоглож, 255 ялалт байгуулсан аж. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


2014 онд Монголын Биеийн тамир, спортын газар, Кубын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний институтын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдаж, эдгээр байгууллагын удирдлагууд харилцан айлчилж, спортын салбарт нягт хамтран ажиллаж байна. Монголын боксын шигшээ баг тамирчид “Рио 2016” зуны Олимпын наадмын өмнөх хамтарсан бэлтгэлийг Кубын үндэсний шигшээ багийн тамирчидтай Хавана хотноо хийсэн юм.  

Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион


Дипломат харилцаа тогтоосноос хойш хамтдаа туулсан замнал, хоёр ард түмний нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагаандаа Монгол, Куба улс өндөр ач холбогдол өгч, дипломат харилцааны ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн ирсэн уламжлалтай. 

2020 онд тохиож буй Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбоо хамтран 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, бэлгэдэл болгон 60 ширхэг мод тарив. Мод суулгах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож үг хэлэв. 

 

Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, бэлгэдэл болгон 60 ширхэг мод тарив


Хоёр тивийн зүрхэнд орших Монгол, Кубын түүхэн харилцааг цаашид улам бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээгээ өмнө нь явуулж ирсэн ололт амжилт, туршлагадаа тулгуурлан эрүүл мэнд, биотехнологи, хөдөө аж ахуй, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хоёр улсын Засгийн газар, ард түмэн нэгэн сэтгэлээр хамтран ажиллах чин эрмэлзэлтэйгээр дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна.